Showing posts with label оюутолгой блог oyutolgoi blockbuster blog ivanhoe mines. Show all posts
Showing posts with label оюутолгой блог oyutolgoi blockbuster blog ivanhoe mines. Show all posts

Tuesday, September 15, 2009

Оюутолгойн гэрээг наймааны ухаанаар шинжвэл


Оюутолгойн гэрээ байгуулах явцыг наймаа хийж байгаа үүднээс нь харвал манай томчууд барууныхантай наймаа хийх чадвар тун тааруу байна уу гэж харахаар байна. Энэ хэдэн түшмэдүүдийг зүгээр нарантуул зах зээр очиж жаахан ажиглалт судалгаа хийлгэмээр санагдлаа. Тэд нар ямар хүнтэй яаж харьцахыг маш сайн мэднэ.

За нэгэнт наймаа гэж байгаа учраас манайд ямар ашигтай хөзрүүд байна, бас ямар муу хөзрүүд байгааг тодорхойлох хэрэгтэй гэж үзлээ.

АШИГГҮЙ ХӨЗӨРНҮҮД
1. Урьд нь хийгдэж байсан томоохон ордыг ашиглаж ирсэн хөрөнгө оруулагч талыг хэт шүтсэн хохиролтой жишиг. Бороо гоүлд гэх мэт
2. Өмнөх удирдлагуудын Айванхоү Майнзт өгч байсан амлалтууд, өмнө авч байсан дэмжлэг өр барьцаа, хувийн харьцаа
3. Гадны хөрөнгө оруулагчдад дэндүү найр тавьсан, "эх оронч" бус хууль тогтоомжууд
4. Шийдмэг алхам хийлгүй хэтэрхий их цаг алдсан, хүлээлт бий болгосон
5. Засаглал тогтоож буй хугацаандаа гэрээг батлах гэж хэт яарснаас үүдсэн хөнгөн туйлбаргүй чанар
6. Шийдвэр гаргах эрхтэй түшмэдүүдийг "худалдан авах" бололцоо өндөр
7. Томоохон гэрээ байгуулах, гадныхантай наймаалцах туршлага бага, сэтгэлзүйн хүчин зүйл сул
8. Оюутолгойг хэт их удаашруулснаас энэ талаар сонсохоос олон нийт залхах хэмжээнд хүрсэн

АШИГТАЙ ХӨЗӨРНҮҮД
1. Орд газар нь монголын газар нутагт байгаа
2. Шийдвэр гаргах гол эрх мэдэл монголын талд байгаа
3. Зэсийн үнэ өсөх хандлага бүрдсэн
4. Хөрөнгө оруулагч тал эдийн засгийн хүнд байдалд байгаа
5. Олон нийт алдагдалтай гэрээ хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
6. Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой өөр компаниуд олноороо байгаа

Эдгээрийг тус бүрд нь нарийвчилж задалж бичвэл маш их цаг зай эзлэх учраас энэ нөхцөлд монголын талаас авч болох арга хэмжээ тактик ямар байвал зүгээр вэ гэдэгт өөрийн бодлоо бичье. Монголын талаар барьж болох стратеги, тактик гээд бичвэл бас дуусахгүй их юм болох учраас хамгийн чухал зарчмын шинж чанартай хоёр саналыг дэвшүүлмээр байна.

Нэгд, Гэрээ байгуулах явцыг нээлттэй болгох, төрийн бус байгууллагуудын оролцоог нээж өгөх
Хоёрт. Оюутолгойн орд ашиглах нээлттэй тендер зарлах, зөвхөн Айванхой Майнзтай байгуулна гэсэн байр сууриа орхих, Ингэснээр энд өрсөлдөөн бий болж монголын талд хамгийн ашигтай байх хувилбарууд гарч ирнэ. Капиталист улс болно гэж ард түмнээрээ сонголтоо хийчихсэн байж шударга өрсөлдөөнийг боогдуулж байгаагаараа ЗГ өөрөө өөрийнхөө ашиглаж болох томоохон бололцоог хааж байгаа нь үнэхээр өөрөө өөрийнхөө хөлийг чөдөрлөж байгаатай нэг адил зүйл юм. Айванхой Майнз гараад явбал хужаа нар л үлдэнэ гэдэг үгээр олон монголчуудыг төөрөлдүүлэх гэж оролдож байна. Тэр тусам тэндэр зарлаад үз л дээ гэж хэлмээр байна. Айванхой Майнзтай харьцуулахгүй том компаниуд оюутолгойд оролцох саналаа тавина гэдэгт бат итгэлтэй байна. Бүр Айванхой Майнзыг заавалчгүй оролцуулна гэж байгаа бол тэдэнд 10 хувийг ашиглах эрхийг өгөөд бусад өөр компаниудыг орох эрхийг нээж өгөх хэрэгтэй шүү дээ. Нэг орд дээр хэд хэдэн гадны компаниудыг оруулдаг жишиг дэлхийд хэвийн байдаг л асуудал ш дээ. Энэ талаар манайхан нэг бодож үзээсэй дээ.

Tuesday, March 10, 2009

Алдах эсвэл хамтрах

Оюутолгойн талаар бүгд залхтал бичиж байгаа ч яг үндсэн гол асуудлаар биш өнгөц өөдөс гогцоотой орооцолдоод хий хүч тарамдаад байгааг хөндлөнгөөс хараад хий бухимдахдаа энэ товч блогийг нээхэд хүрлээ. Энд би таныг залхаахгүй, мөн толгой эргүүлэх элдэв хоосон юм бичихгүй.

Одоо гадуур яригдаж байгаа зүйлийг ажаад байхад хэдэн тоо, өнгөц төдий хэт детальчилсан асуудал дээр "ухнатаад" байх юм. Ийм том орд газар ашиглах асуудлыг ганц гэрээгээр зохицуулна гэдэг кинон дээр гардаг супермануудын л ажил байх. Цаад талаас нь баахан пи ар хийх гэж ядсан гаруудын мунхруулга гээд жирийн ард иргэдэд эх зах нь ойлгогдохооргүй хэлэлцээн болж байна. Гэтэл олон нийт хар зөнгөөрөө монголд онцын өгөөжгүй гэрээ хийгдэх гээд байгааг ойлгож хий л бухимдахаас цаашгүй байна. Яаж аль аль талдаа ашигтай гэрээ хийх талаар чадах ядахаараа санал дэвшүүлж байгаа ч олигтой гэмээр санаачлага гарахгүй, хий гол асуудлаа тойроод яриад байх юм.

Ийм шахамдуулсан нөхцөлд гэрээг хичнээн дахин засварласан ч "хийгүй" гэрээ хийнэ гэвэл ёстой үлгэрийн далай. Тэгээд ч бид туршлага муутай, ирээдүйд ямар арга мэх хэрэглэж биднийг молгидохыг тааж хэлшгүй. Янз бүрийн хөөрхөн арга хэрэглээд бидний хямгадах гээд оролдоод байгаа эд баялагийг биднээс цөлмөж болно.

За тэгвэл үүнээс ангижрах арга юу вэ? Хялбархан энгийн байдлаар энэ ээдрээтэй асуудлыг шийдэж болох уу?

Миний бодлоор ганц зөв гарц бол
ЗГ-ын оролцоотой хамтарсан компани байгуулах


Энэ л тохиолдолд
1. Бид уурхайн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж чадна. Тухай тухай үеийн нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг хамтран гаргах боломжтой болно. Өөрсдийн эд баялагтаа 30 жилд нэг удаа биш өдөр тутамд ойр хажуугаас нь хяналт тавьж, үйл ажиллагаа явуулахад гар бие оролцох бололцоотой болно. Хий хөндлөнгөөс эд нар яаж биднийг маллаж байгаа бол гэж хардахийн оронд жинхэнэ бодит байдлаа харж, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах боломжтой болно.
2. Хамтарсан компани байгуулсан тохиолдолд бид жинхэнэ утгаараа томоохон компани удирдах, гадаад зах зээлтэй харьцах, томоохон төсөл хэрэгжүүлэх туршлага мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Удирдлагын эрхийг бүхэл бүтэн 70 жил хүлээнэ гэдэг угаасаа хэтэрхий удаан биш гэж үү?
3. Бид өөрөө өөрсдийгөө урхинд оруулахаас зайлсхийж чадна. Бид яахаараа оюутолгойг ашиглахын тулд IM гээд дэлхий даяар хаа сайгүй ашигтай ашиггүй төсөл хэрэгжүүлж байгаа компаний хувьцааг худалдаж авах ёстой юм. Зөвхөн оюутолгойнхоо хувийг эзэмшвэл барав биш үү. Төр IMийн хувьцааг эзэмшинэ гэдэг улс үндэстнээрээ тэр нэг канадын компаний эрсдлийг даах урхинд орох маш өндөр эрсдэл хийх болж байна. Хаа байсан оюутолгойтой хамаагүй хөндлөнгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулна гэдэг угаасаа маш тэнэг асуудал. Бид хамтран удирдлагад хяналт тавьснаар ямар зардлаар, ямар үйл ажиллагаа явуулж, түүнийгээ яаж тооцож байгаа нь тодорхойгүй хөндлөнгийн нэг компаний хувьцааг худалдаж авах шаардлагагүй болно.
4. Мөн гэрээг хамаагүй цомхон, уян хатан хийх бололцоотой болно. Олон жилээр хийсэн нэгэнт удирдлагыг хамтарч эзэмшиж байгаа учраас эрсдэл багасна.

Тэгэхээр Монголын талаас гаргаж тавих хамгийн наад захын нөхцөл хамтран компани байгуулах асуудал юм.

Үгүй бол одоо бид хэдхэн өдрийн дотор байж болох бүх нөхцөлийг тусгасан хэдэн боть нүсэр гэрээ хийх. Энэ тохиолдолд ганц монголын талд ч биш нөгөө талдаа ч дутахгүй дарамт, бөөн хүнд суртал бий болгоно. Тэглээ ч энэ гэрээгээр бүх талыг хамарсан компаний үйл ажиллагааг хянах бололцоогүй. Ийм гэрээ байгуулах чадвар энэ ажлын хэсэгт байгаа гэдэг үнэхээр эргэлзээтэй. Гэрээг оруулж ирж байгаа сайд нь л гэхэд "хуулинд л 30 жил гэж байх шиг байхаар тэр чигээр оруулцаншдээ" гэж манарсан юм ярьж байхад ийм том цар хүрээтэй гэрээ хийх юу л бол.

Тийм болохоор шинээр Айванхо Майнзтай хамтарсан компани байгуулж, түүнийгээ харин хэрхэн, ямар оролцоотойгоор байгуулах вэ? гэдэг тал тээр нарийвчилж хэлэлцвэл үр дүнтэй гэж бодож байна. Далан жил гэдэг урт хугацаа. Алдсан алдаагаа залруулах тэр мөчийг одоогийн УИХын гишүүд лав амьддаа үзэж чадахгүй юм байна. Миний үеийн залуус үхэхээсээ өмнө үзэж чадвал их юм болох нь. Ингэж жаран дамжиж хүлээсэнд орохноо хэдэн долоо хоног сараар гэрээг хойшлуулж, шинээр хийхэд юу нь болохгүй гэж. Тэр хооронд зэсийн үнэ унах биш харин өсөх янзтай. Үгүй бол зэс хямд байхад заавал амжиж гэрээ хийх гээд яараад байгаа юмуу? Оюутолгойг ашиглахгүй л бол Монгол улс сүйрчих гээд байгаа юм шиг бичээд байх юм. Ер нь Оюутолгойн орд нээгдээгүй байсан бол яах байсан юм бол?