Tuesday, September 15, 2009

Оюутолгойн гэрээг наймааны ухаанаар шинжвэл


Оюутолгойн гэрээ байгуулах явцыг наймаа хийж байгаа үүднээс нь харвал манай томчууд барууныхантай наймаа хийх чадвар тун тааруу байна уу гэж харахаар байна. Энэ хэдэн түшмэдүүдийг зүгээр нарантуул зах зээр очиж жаахан ажиглалт судалгаа хийлгэмээр санагдлаа. Тэд нар ямар хүнтэй яаж харьцахыг маш сайн мэднэ.

За нэгэнт наймаа гэж байгаа учраас манайд ямар ашигтай хөзрүүд байна, бас ямар муу хөзрүүд байгааг тодорхойлох хэрэгтэй гэж үзлээ.

АШИГГҮЙ ХӨЗӨРНҮҮД
1. Урьд нь хийгдэж байсан томоохон ордыг ашиглаж ирсэн хөрөнгө оруулагч талыг хэт шүтсэн хохиролтой жишиг. Бороо гоүлд гэх мэт
2. Өмнөх удирдлагуудын Айванхоү Майнзт өгч байсан амлалтууд, өмнө авч байсан дэмжлэг өр барьцаа, хувийн харьцаа
3. Гадны хөрөнгө оруулагчдад дэндүү найр тавьсан, "эх оронч" бус хууль тогтоомжууд
4. Шийдмэг алхам хийлгүй хэтэрхий их цаг алдсан, хүлээлт бий болгосон
5. Засаглал тогтоож буй хугацаандаа гэрээг батлах гэж хэт яарснаас үүдсэн хөнгөн туйлбаргүй чанар
6. Шийдвэр гаргах эрхтэй түшмэдүүдийг "худалдан авах" бололцоо өндөр
7. Томоохон гэрээ байгуулах, гадныхантай наймаалцах туршлага бага, сэтгэлзүйн хүчин зүйл сул
8. Оюутолгойг хэт их удаашруулснаас энэ талаар сонсохоос олон нийт залхах хэмжээнд хүрсэн

АШИГТАЙ ХӨЗӨРНҮҮД
1. Орд газар нь монголын газар нутагт байгаа
2. Шийдвэр гаргах гол эрх мэдэл монголын талд байгаа
3. Зэсийн үнэ өсөх хандлага бүрдсэн
4. Хөрөнгө оруулагч тал эдийн засгийн хүнд байдалд байгаа
5. Олон нийт алдагдалтай гэрээ хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
6. Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой өөр компаниуд олноороо байгаа

Эдгээрийг тус бүрд нь нарийвчилж задалж бичвэл маш их цаг зай эзлэх учраас энэ нөхцөлд монголын талаас авч болох арга хэмжээ тактик ямар байвал зүгээр вэ гэдэгт өөрийн бодлоо бичье. Монголын талаар барьж болох стратеги, тактик гээд бичвэл бас дуусахгүй их юм болох учраас хамгийн чухал зарчмын шинж чанартай хоёр саналыг дэвшүүлмээр байна.

Нэгд, Гэрээ байгуулах явцыг нээлттэй болгох, төрийн бус байгууллагуудын оролцоог нээж өгөх
Хоёрт. Оюутолгойн орд ашиглах нээлттэй тендер зарлах, зөвхөн Айванхой Майнзтай байгуулна гэсэн байр сууриа орхих, Ингэснээр энд өрсөлдөөн бий болж монголын талд хамгийн ашигтай байх хувилбарууд гарч ирнэ. Капиталист улс болно гэж ард түмнээрээ сонголтоо хийчихсэн байж шударга өрсөлдөөнийг боогдуулж байгаагаараа ЗГ өөрөө өөрийнхөө ашиглаж болох томоохон бололцоог хааж байгаа нь үнэхээр өөрөө өөрийнхөө хөлийг чөдөрлөж байгаатай нэг адил зүйл юм. Айванхой Майнз гараад явбал хужаа нар л үлдэнэ гэдэг үгээр олон монголчуудыг төөрөлдүүлэх гэж оролдож байна. Тэр тусам тэндэр зарлаад үз л дээ гэж хэлмээр байна. Айванхой Майнзтай харьцуулахгүй том компаниуд оюутолгойд оролцох саналаа тавина гэдэгт бат итгэлтэй байна. Бүр Айванхой Майнзыг заавалчгүй оролцуулна гэж байгаа бол тэдэнд 10 хувийг ашиглах эрхийг өгөөд бусад өөр компаниудыг орох эрхийг нээж өгөх хэрэгтэй шүү дээ. Нэг орд дээр хэд хэдэн гадны компаниудыг оруулдаг жишиг дэлхийд хэвийн байдаг л асуудал ш дээ. Энэ талаар манайхан нэг бодож үзээсэй дээ.

No comments:

Post a Comment