Monday, April 27, 2009

Үнэхээр төр муу менежер үү?

Оюутолгойг эзэмшихэд төрийн хяналт удирдлагатай байх нь зөв үү буруу юу гэж улс төрчдийн дунд яригдаж эхэлж байгаа нь сайшаалтай ч "төр хамгийн муу менежер" гэдэг шалтгаанаар төрийг аль болох хол байлгах нь ашигтай гэж мэдэмхийрч байгаа улс төрчид цөөнгүй байгаа бололтой.

Үнэхээр төр хамгийн муу менежер гэж үнэн үү? Мэдээж энэ үг хаана ямар нөхцөлд хэрэглэгдэж байгаагаас хамаараад үнэн байж болно худал байж болно. БАс л нөгөө харьцангуй ойлголт. Нийтлэг тохиолдолд төрийн өмчит компанийг удирдаж байгаа хэдэн хүн өөрсдийн өмч хөрөнгө нь биш болохоор хүнийрхэг хүрэн бөөр гаргадаг, алдсан ч олсон ч онцын хариуцлага, гавьяа үүрдэггүй гэдэг утгаараа хувийн компаниас уян хатан биш үр ашиг муутай энэ тэр гээд зүйлүүд бий. Хувийн компаниуд шиг хурдан шуурхай шийдмэг алхам хийх талдаа төрийн өмчит компани удаан хойрго байдаг. Эдгээр нь төрийн өмчит компанийг муулах гол зүйлс.
За тийм байг. Гэтэл иймхэн шалтгаанаар бүхэл бүтэн баялагаа нүдэн балай харийханд даатгах нь зөв гэж үү? Төр муу удирддаг гээд эрдэнэтийг тэр чигт нь оросуудад өгвөл яасан юм? Бороог канадуудад ингээд зүгээр өгөө биз дээ? Одоо юу болж байгааг хар л даа.
Ажилчид нь өлсгөлөн зарлаад сууж байна. Эрдэнэтийхэн өлсгөлөн зарлалаа л гэж дуулаагүй юм байна. Бороо голдоос долоох төдий л хэлтэрхий монголууд зулгаасан. Айванхоу майнсыг лоббидогчид ил цагаан өмөөрч чадахгүй аргаа бараад "төр хамгийн муу менежер" гэдэг жижигхэн шалтгаанаар бамбай болгоод зүгээд байгааг манайхан ойлгож байгаа гэж найдаж байна. Төр хичнээн муу удирддаг ч гэсэн зөвхөн өөрсдийнхөө ашиг хонжоог урьтал болгосон гадны наймаачдаас илүү монголыг бодох байлгүй дээ. Тэгээд ч нүдэн балай 15 жил бүр 30 жил юу болж байгааг гаднаас нь харж суухаар өөрсдөө хөлсөө гаргаад зэрэгцээд өдөр бүр зүтгэж явсан нь ямар ч утгаараа дээр гэж муйхарламаар санагдлаа.

Алдах эсвэл хамтрах


УИХ-ын гишүүд шалгалтандаа тэнцэх үү?Оюутолгойн гэрээг батлахгүй байх гурван шалтгаан

Оюутолгой ба улс төрчдийн хувилбар

Wednesday, April 22, 2009

УИХ-ын гишүүд шалгалтандаа тэнцэх үү?

Нөгөө иддэг уудагаараа ард түмэндээ алдаршсан 76 гишүүн өнөөдөр сонгогчдынхоо өмнө жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй эсэхээ шалгуулахаар болоод байна. Олон нийтийн дунд маш их эсэргүүцэлтэй тулгараад оюутолгойн гэрээ УИХын энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан билээ. Ямар наад захын хүн монголд ямар ашиггүй болсныг хуруу дараад тайлбарлаж чадахаар илт монголыг басамжилсан энэ гэрээг эрхэм гишүүд батлах уу үгүй юу гэдгийг олон нийт нүд авилгүй харж байна. Хэдийгээр ху нам ардчилсан нам үргэлж хэн хэнийхээ харыг дуудалцдаг эрхэмүүд оюутолгойн асуудал дээр харин нэгдсэн үзэлтэй эх орны эрх ашгийг урьтал болгох нь уу гэсэн байдал сүүлийн үед ажиглах боллоо. Гэвч гол асуудал болсон яаж оюутолгойг хамтарч ашиглах талаар олигтой санаа хэлж байгаа хүн үнэхээр ховор байна. Нөгөө л 30 жил байх уу 15 жил байх уу, эсвэл тэр 100 сая ам. долларын хүү хэд байх уу энэ тэр гэсэн тулга тойрсон жижигхэн асуудлууд яриад байх юм. Ийм жижиг зүйлүүдтэй орооцолдоод байвал цаад канадууд бага сага засвар оруулсан нэртэй уужуу бодолтой монголуудыг залхтал нөгөө гэрээгээ түлхсээр байхыг бид харж магадгүй нь. цаад хөрөнгө оруулагдаас буулт хийх байдал өдий хүртэл харагдсангүй. Заавал эднийг ингэж өөгшүүлж байх шаардлага юу байгааг ойлгохгүй юм. чангахан шиг шийдвэртэй хариу өгөхгүй бол бидний янзыг үзсээр байх болно гэж мөрийцсөн ч бэлхэн байна. Энэ хүндрэлтэй байдлаас гарах арга ганцхан байна. Монголын талаас санаачлага гаргаж гэрээг ингэж хиймээр байна гэсэн төслөө хөрөнгө оруулагдад босго тавьж өгөх хэрэгтэй. Энэ шаардлагыг хангасан гэрээ төсөл боловсруулж чадахгүй бол дараагийнх нь гэх зоригтой байхгүй ингэж өмдөндөө дуслуулан хүүхэд шиг хөдөлж чадахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй нь ойлгомжтой. Монголын талаас харин ямар шаардлага тавих ёстой гэхээр зайлшгүй байх ёстой гол тулгуур болох хамтарсан удирдлагатай компани байгуулах асуудлыг тодорхой тавих. Ингэсэн тохиолдолд л монголын тал алдахгүй байх наад захын нөхцөлөө бүрдүүлж чадна. Тэгэхээр эрхэм гишүүд чангахан шиг хариу өг та нар ийм нөхцөлийг бүрдүүл үгүй бол дараагийнхдаа зай болж өг гэж шийдмэг хариу өгөх хэрэгтэй байна. Шалгалтдаа ямар дүн авахыг хөндлөнгөөс хараад сууж байх л үлдэх шив. ЗА амжилт хүсье эрхэм гишүүдээ

Friday, April 17, 2009

Оюутолгойн гэрээг батлахгүй байх гурван шалтгаан

Оюутолгойн гэрээ УИХ-д өргөн баригдаад байгаа. Монголын талд өгөөж муутай гэрээ болсон талаар олон нийт, иргэд дургүцлээ илэрхийлж байна. Энэ удаа би яагаад энэ гэрээг Айванхоу Майнзтай хийх нь монголын талд маш өндөр эрсдэл учруулж болохыг ойлгомжтой байдлаар тайлбарлахыг зорилоо.

1. Даахгүй нохой булуу хураана
Канадын жижиг компани асар бага үнээр монголын өмнөд хэсгийн өргөн уудам нутгийг бараг 100 жил өмчлөх болж байна. Худалч хүнд гонконгийг англиуд түрээслэсэнтэй бараг адил хугацаагаар хэд дахин том газар нутгийг доорх баялагтай нь нэг өчүүхэн компанид арай ч өгчихгүй байлгүй дээ. АРААМАНДАА ЯАЖИГНАХ гэдэгтэй ойролцоо утгатай англи үг энэ канадын ард түмний үгсийн санд байдаг л байлтай. Байддаггүй байсан ч удахгүй энэ монгол үгний утгыг энэ жижиг компаний удирдлага мэддэг болох бизээ.

2. Айванхоугийн "арыг даах ах хүү" мөд босч ирэхгүйнээ
Айванхоу Майнзын санхүүжилт, техник технологийн "ар талыг даах" үүрэг хүлээж байгаа компани нь Рио Тинто. Энэ компани олон жил хуримтлагдсан асар их өрөө төлж дийлэхгүй дампуурлын ирмэгт тулаад байгаа билээ. Энэхүү санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарах арга нь бидний дотроо эмээж явдаг өмнөд хөрш болж таарч байх шиг байна. Хятадууд энэ компаний хувьцааны 9,3 хувийг эзэмшдэг ба энэ хувиа хоёр дахин нэмэгдүүлж 18 хувь болгохоор зорьж байгаа билээ. Ингэснээр хятадууд Рио Тинтогийн удирдлагад томоохон нөлөөлөлтэй болох бөгөөд энэ нь дан ганц монголчууд бидний сэрэмжлэх асуудал биш компанийг англичуудтай хамтран удирддаг австраличуудын хувьд ч тархи гашилгасан асуудал болоод байна. Австраличууд өөрсдийн удирдах эрхээ авч үлдэх эсэхээ 6 сард парламентаараа шийдэхээр хойшлуулсан билээ. Өөрөөр хэлбэл оюутолгойн эдийн засаг техникийн асуудлыг шийдэх компани маань хөл дээрээ босч чадах эсэх эргэлзээтэй байна. Босч ирлээ гэхэд ямар эзэнтэй ямар сэтгэлгээтэй компани болж хувирахийг хэн ч таашгүй.

3. Хямрал гэдэг мангаа хаалга тогшихоосоо өмнө замхран одох нь
Оюутолгойн гэрээг түргэн шийдэх хэрэгтэй гэж ярьж байгаа хүмүүсийн амнаас өөрсдийгөө зөвтгөж яаруулах болсон хамгийн гол шалтгаан санхүүгийн хямрал гээч хадны мангаа шиг зүйл юм байх. Яг үнэндээ энэ хямрал үнэхээр бидний идэх хоол өмсөх хувцаст нөлөөлөх төвшинд хүрсэн эсэхийг тодорхой мэдэж байгаа хүн байгаа ч юмуу. Харин өөрсдийнхөө оновчгүй удирдсныхаа хариуцлагыг бухах гоё ШАЛТАГ өөрөө гараад ирэх шиг боллоо. Тэгтэл сүүлийн үед дэлхийн томоохон гүрнүүдэд хямралыг ардаа орхиод дөхөж байгаа талаар яригдах боллоо. 3 сард 6500 хүрч байсан Дау индекс одоо 8000 гараад явж байна. Амнаасаа америкийн эдийн засгийн талаар таатай үг унагадаггүй Сорос хүртэл хамгийн хүнд хэцүү үеийг ардаа орхилоо гэж ярьж байна. Дэлхийн эдийн засгийн барометр зэсийн үнэ өнөөдөр мөн өсч 4700 гарчаад явж байна. Хэдийгээр бүх зүйл ард хоцроогүй ч эдийн засагт сэргэлт гарч эхлээд байгааг дэлхий нийтээр ярьж байхад бид юу юугүй яаран цөөн хэдэн төгрөгний төлөө асар том ордоо өгөх хэрэгтэй гэж үү

Тэгэхээр ийм байдалтай компанитай бид хувь заяагаа холбоод, холбох холбохдоо бүр нүдэн балай ганц олдсон их баялагаа даатгаад хаях гэж үү?