Friday, April 17, 2009

Оюутолгойн гэрээг батлахгүй байх гурван шалтгаан

Оюутолгойн гэрээ УИХ-д өргөн баригдаад байгаа. Монголын талд өгөөж муутай гэрээ болсон талаар олон нийт, иргэд дургүцлээ илэрхийлж байна. Энэ удаа би яагаад энэ гэрээг Айванхоу Майнзтай хийх нь монголын талд маш өндөр эрсдэл учруулж болохыг ойлгомжтой байдлаар тайлбарлахыг зорилоо.

1. Даахгүй нохой булуу хураана
Канадын жижиг компани асар бага үнээр монголын өмнөд хэсгийн өргөн уудам нутгийг бараг 100 жил өмчлөх болж байна. Худалч хүнд гонконгийг англиуд түрээслэсэнтэй бараг адил хугацаагаар хэд дахин том газар нутгийг доорх баялагтай нь нэг өчүүхэн компанид арай ч өгчихгүй байлгүй дээ. АРААМАНДАА ЯАЖИГНАХ гэдэгтэй ойролцоо утгатай англи үг энэ канадын ард түмний үгсийн санд байдаг л байлтай. Байддаггүй байсан ч удахгүй энэ монгол үгний утгыг энэ жижиг компаний удирдлага мэддэг болох бизээ.

2. Айванхоугийн "арыг даах ах хүү" мөд босч ирэхгүйнээ
Айванхоу Майнзын санхүүжилт, техник технологийн "ар талыг даах" үүрэг хүлээж байгаа компани нь Рио Тинто. Энэ компани олон жил хуримтлагдсан асар их өрөө төлж дийлэхгүй дампуурлын ирмэгт тулаад байгаа билээ. Энэхүү санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарах арга нь бидний дотроо эмээж явдаг өмнөд хөрш болж таарч байх шиг байна. Хятадууд энэ компаний хувьцааны 9,3 хувийг эзэмшдэг ба энэ хувиа хоёр дахин нэмэгдүүлж 18 хувь болгохоор зорьж байгаа билээ. Ингэснээр хятадууд Рио Тинтогийн удирдлагад томоохон нөлөөлөлтэй болох бөгөөд энэ нь дан ганц монголчууд бидний сэрэмжлэх асуудал биш компанийг англичуудтай хамтран удирддаг австраличуудын хувьд ч тархи гашилгасан асуудал болоод байна. Австраличууд өөрсдийн удирдах эрхээ авч үлдэх эсэхээ 6 сард парламентаараа шийдэхээр хойшлуулсан билээ. Өөрөөр хэлбэл оюутолгойн эдийн засаг техникийн асуудлыг шийдэх компани маань хөл дээрээ босч чадах эсэх эргэлзээтэй байна. Босч ирлээ гэхэд ямар эзэнтэй ямар сэтгэлгээтэй компани болж хувирахийг хэн ч таашгүй.

3. Хямрал гэдэг мангаа хаалга тогшихоосоо өмнө замхран одох нь
Оюутолгойн гэрээг түргэн шийдэх хэрэгтэй гэж ярьж байгаа хүмүүсийн амнаас өөрсдийгөө зөвтгөж яаруулах болсон хамгийн гол шалтгаан санхүүгийн хямрал гээч хадны мангаа шиг зүйл юм байх. Яг үнэндээ энэ хямрал үнэхээр бидний идэх хоол өмсөх хувцаст нөлөөлөх төвшинд хүрсэн эсэхийг тодорхой мэдэж байгаа хүн байгаа ч юмуу. Харин өөрсдийнхөө оновчгүй удирдсныхаа хариуцлагыг бухах гоё ШАЛТАГ өөрөө гараад ирэх шиг боллоо. Тэгтэл сүүлийн үед дэлхийн томоохон гүрнүүдэд хямралыг ардаа орхиод дөхөж байгаа талаар яригдах боллоо. 3 сард 6500 хүрч байсан Дау индекс одоо 8000 гараад явж байна. Амнаасаа америкийн эдийн засгийн талаар таатай үг унагадаггүй Сорос хүртэл хамгийн хүнд хэцүү үеийг ардаа орхилоо гэж ярьж байна. Дэлхийн эдийн засгийн барометр зэсийн үнэ өнөөдөр мөн өсч 4700 гарчаад явж байна. Хэдийгээр бүх зүйл ард хоцроогүй ч эдийн засагт сэргэлт гарч эхлээд байгааг дэлхий нийтээр ярьж байхад бид юу юугүй яаран цөөн хэдэн төгрөгний төлөө асар том ордоо өгөх хэрэгтэй гэж үү

Тэгэхээр ийм байдалтай компанитай бид хувь заяагаа холбоод, холбох холбохдоо бүр нүдэн балай ганц олдсон их баялагаа даатгаад хаях гэж үү?

1 comment:

  1. http://deciloquequierass.blogspot.com/

    Good Bloog my friend!! Congratulations!!

    good luck!! See you!

    ReplyDelete